Учрал

Ням-Осор Учрал

Монгол ардын нам

Н.Учрал: Монголын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлах нь зохисгүй юм

УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал  хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал “Энэ хуульд засч залруулах асуудал олон байна. Үнэхээр редакцийн засвар хийгээд оруулаад ирчихсэн юм бол нэг мөсөн засаад оруулж ирэх ёстой. Энэ хуулийн 21.4-т олон талт олон улсын гэрээнд хийсэн гэрээний бусад талын тайлбарыг зөвшөөрөх эсэх асуудлыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага судлах, шаардлага бол гэж заасан байгаа. Энэ нь хуулийн 21.1-т заасан олон улсын гэрээг хуульчилсан тайлбарыг УИХ хийж байгаа. Гэтэл хуульчилсан тайлбар бол хууль бүтээх техникийн нэг. УИХ-аас хуульчилсан тайлбарыг нь хийчихээд байхад Их хурлын бүрэн эрхэд халдаад гадаад харилцааны  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу яам  өөрөө УИХ-ын тайлбарыг хянан хэлэлцээд зөв үү, буруу гэдгийг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдчихээд байна. УИХ-ын бүрэн эрхэнд шууд халдсан зохицуулалт ороод ирсэн байна. Үүнийг нэг мөр засч болохгүй байсан юм уу. Мөн 33.2 дээр Монгол улсын дээд шүүх шаардлагатай тохиолдолд олон улсын гэрээг зөв хэрэглэх тал дээр албан ёсны тайлбар гаргана гэсэн байна. Олон улсын гэрээ бол хоёр талын сонирхлыг хангаж байгаа учраас Монголын дээд шүүх олон улсын гэрээг тайлбарлах нь зохистой биш юм. Өмнө нь хоёр янзын тайлбар хийдэг байсан. Зарим хуулиар энэ тайлбарыг хүчингүй болгоод явчихсан. Шүүхийн тухай хуулийн 17.3.2 дээр энэ асуудлыг тодорхой тусгасан байна. Улсын дээд шүүх олон улсын гэрээг хэрхэн тайлбарлах юм. Энэ мэт хууль эрх зүйн холбогдолтой олон зүйл байгаа учраас олон улсын гэрээний асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хурлаар оруулж шийдэх ёстой гэж би ойлгож байгаа. Энэ хуулиа нэг мөр засч залруулаад цэгцтэй болгоод оруулаад  ирж болдоггүй юм уу” гэлээ.

 Түүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хариулахдаа“Таны хэлсэн саналуудыг тусгаад оруулах юм бол анхнаас нь хэлэлцүүлэх шаардлага гарна. Тиймээс та өөрийнхөө саналыг тусгасан хуулийн төсөл санаачлах бүрэн эрхтэй” гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Арбитрын тухай хууль хэлэлцэх гэж байгаа. Энэ хуультай Олон улсын гэрээний тухай хуулийг давхцуулаад хамт оруулж ирэхгүй бол гадны лобби явж байж магадгүй гэсэн хардлага байна. Гадны хөрөнгө оруулагчид бол Монгол Улсын хууль, шүүхээр явдаггүй. Тиймээс Олон улсын гэрээний хуульд болгоомжтой хандмаар байна” гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Арбитрын шүүхийн тухай хууль бол Олон улсын гэрээний тухай хуулиас тусдаа асуудал. Арбитрын шүүх бол улс хоорондын маргааныг зохицуулдаг юм. Олон улсын гэрээний тухай хуулийн яг ямар заалт нь Арбитрын шүүхэд очлоо гэхэд олон улсын шүүхийн аманд орчих заалт байгааг О.Баасанхүү гишүүн тодорхой хэлж өгөөч. Хэрэв үнэхээр гадны гар хөл болохоор хууль оруулаад ирсэн бол танд хууль санаачлаад оруулж ирэх эрх нь бий”.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “О.Баасанхүү гишүүн микрафоныг зөв ашигламаар байна. Засгийн газрыг гадныхны гар хөл боллоо гэсэн утгатай зүйл яриад зогсож байна. Гэтэл та ямар ч үндэслэлгүй зүйл ярих юм” гэлээ.

Ингээд уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхийн саналаар баталлаа.